Skip to content

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ | ЭЦЭГ ЭХ

Ном унших нь яагаад чухал вэ?—Хэсэг 2: Цахим ном уу, хэвлэмэл ном уу?

Ном унших нь яагаад чухал вэ?—Хэсэг 2: Цахим ном уу, хэвлэмэл ном уу?

 Танай хүүхэд алийг нь унших дуртай вэ? Цахим ном уу, хэвлэмэл ном уу?

 Цахимыг нь сонгох хүүхэд олон. Профессор Жин Твэнги: «Орчин үеийн хүүхдүүд линк дарж эсвэл ганц шудраад л дараагийн хуудсуудыг үзчихдэг. Тийм болохоор тэдэнд ном уйтгартай санагддаг байж болох юм» гэж бичжээ. a

 Цахим ном олон давуу талтай. Нэг давуу талыг нь 20 настай Жон: «Миний сурч байсан сургуульд цахим ном хэрэглэдэг байсан. Хайлтын хэсэг дээр бичээд л хүссэн мэдээллээ хурдан олчихно» гэж ярьсан юм.

 Бусад давуу талыг нь дурдвал, хуруугаараа нэг дараад л үгийн утгыг мэднэ, аудио бичлэг сонсоно, холбоотой видеог үзнэ эсвэл линк дээр дараад нэмэлт мэдээлэл авч болно. Тэгвэл хэвлэмэл ном үнэ цэнээ алдсан хэрэг үү?

 Зарим хүн илүү гүнзгий судлахын тулд хэвлэмэл материалаас уншихыг илүүд үздэг. Яагаад?

  •   Анхаарал сайн төвлөрдөг. Нэйтан гэдэг өсвөр насны хүү: «Цахим хэрэгслээс уншихлаар зар сурталчилгаа, мессеж гарч ирээд анхаарлаа төвлөрүүлэхэд саад болоод байдаг» гэж ярив.

     Бас 20 настай Карен: «Би утас, таблетнаас уншихлаараа өөр апп нээх юм уу тоглоом тоглох гээд байдаг» хэмээн хэлсэн юм.

     Библийн зарчим: «Цагаа зөв ашигла» (Колосай 4:5).

     Бодож үзээрэй: Танай хүүхэд цахим хэрэгслээр уншиж, судалж байхдаа өөр юманд сатаарахгүй байж чаддаг уу? Чаддаггүй бол анхаарлаа төвлөрүүлж сурахад нь хэрхэн туслах вэ?

     Зөвлөгөө: Анхаарлаа төвлөрүүлэхгүй бол гэрийн даалгаварт илүү их цаг зарцуулна, дуртай юмаа хийж чадахгүй болно гэдгийг нь хүүхдэдээ ойлгуулаарай.

  •   Ойлгоход хялбар. «Сайн эцэг эх болоорой» номд «Хүмүүс хэвлэмэл ном уншихлаараа цахим ном уншсанаас ч илүү сайн ойлгодог нь олон туршилтаар батлагдсан» гэж бичжээ («Be the Parent, Please»).

     Нэг шалтгаан нь хүмүүс цахим ном уншихаараа анхаарлаа төвлөрүүлэхийнхээ оронд хурдан уншихаа л боддог. Зохиолч Николас Карр: «Хүмүүс аль болох их мэдээлэл олж авахын тулд интернэт сайтуудыг гүйлгээд л үзчихдэг» гэж хэлжээ. b

     Мэдээж заримдаа гүйлгэж унших нь давуу талтай. Гэхдээ гол асуудал нь «байнга ингэж унших зуршилтай болно» гэж Карр хэлсэн байна. Хүүхэд тань утгыг нь сайн ойлгохгүйгээр хурдан уншаад л өнгөрдөг болж болох юм.

     Библийн зарчим: «Мэргэн ухааны эхлэл болбоос түүнийг олж авах, олж авсан бүхнээрээ ухааныг олж авах явдал болой» (Сургаалт үгс 4:7).

     Бодож үзээрэй: Ном хэвлэл цахим ч бай, хэвлэмэл ч бай гүн гүнзгий судалж сурахад нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

     Зөвлөгөө: Битгий туйлшраарай. Заавал аль нэгийг нь сонгох хэрэгтэй гэсэн үг биш юм. Цахим, хэвлэмэл номд хоёуланд нь давуу тал бий. Зарим тохиолдолд, цахим хэрэгсэл тухайн материалыг ойлгоход илүү хялбар болгодог нь үнэн. Тийм учраас уян хатан байгаарай. Цахим болон хэвлэмэл ном уншихын сайн муу талыг хүүхдэдээ тайлбарлаж өгөөрэй. Бас хүүхэд болгон адилгүй гэдгийг санаарай.

  •   Тогтооход амар. «Сайентифик американ» сэтгүүлд Феррис Жэбрийн бичсэн өгүүлэлд «цахим хэрэгслээс унших нь оюуны хүч илүү их шаарддаг, ... уншсан зүйлээ тогтооход бэрх байдаг» гэжээ.

     Жишээлбэл, хэвлэмэл ном уншихаар аль хэсэгт юу гардаг нь хүний ой тойнд зураглал болж үлддэг. Энэ нь номын хавчуурга мэт дараа санахад тустай.

     Түүнчлэн судлаачдын олж тогтоосноор, хэвлэмэл материал уншдаг хүмүүс мэдээллийг илүү сайн тогтоох хандлагатай байдаг. Тэд уншсан зүйлээ ой тойндоо сайн хадгалдаг учраас эргэн санахдаа гаргууд ажээ.

     Библийн зарчим: «Саруул мэргэн ухаан хийгээд хэрсүү ухааныг сахь» (Сургаалт үгс 3:21).

     Бодож үзээрэй: Уншсан, судалсан зүйлээ ойлгож тогтооход хүүхдэд тань хэцүү байдаг уу? Тийм бол сурах арга барилаа сайжруулахад нь хэрхэн туслах вэ? Хэвлэмэл материал хэрэглээд үзвэл яах бол?

     Зөвлөгөө: Хүүхдийнхээ юунд дурлаад байгааг бус, харин түүнд юу ач тустайг бодоорой. Ер нь хүмүүс цахим хэрэгслээс уншсан мэдээллээ сайн ойлгодоггүй гэдгээ хүлээн зөвшөөрөх дургүй байдаг.

a «iGen» номоос.

b «The Shallows» номоос.