ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ
Би яагаад залбирах хэрэгтэй вэ?
Америкт өсвөр насныхны дунд явуулсан судалгаанаас үзвэл 80 хувь нь Бурханд залбирдаг ажээ. Гэхдээ тэдний тал нь л өдөр бүр залбирдаг байна. Зарим нь «Залбирал гэдэг нь зүгээр л сэтгэл зүйн эмчилгээ юү, эсвэл тэрнээс өөр зүйл үү?» гэж сонирхон асууж болох юм.
Залбирна гэж яахыг хэлдэг вэ?
Бурхантай бодол сэтгэлээ хуваалцан ярихыг залбирал гэнэ. Хүмүүс биднээс хамаагүй хүчтэй, бүхнийг бүтээсэн агуу Нэгэн Ехова «хүн бүрд ойр байдаг» гээд бодоод үз дээ (Үйлс 17:27). Библи бидэнд «Бурхантай ойр дотно бол. Тэгвэл тэрээр та нартай дотно болно» гэж уриалдаг (Яаков 4:8).
Яавал Бурхантай ойр дотно болох вэ?
Залбирч Бурханд бодсон санаснаа хэлээрэй.
Библийг судалж Бурхны хэлэх үгийг сонсоорой.
Ийнхүү харилцан ярилцах буюу залбирч Библи судалдаг бол Бурхантай улам их дотносон нөхөрлөнө.
«Хамгийн Дээд Нэгэн Еховатай ярина гэдэг хүмүүс бидний хувьд агуу завшаан»—Жереми
«Сэтгэлийнхээ гүн дэх бодлыг Еховатай хуваалцахлаар илүү ойр дотно болж байгаагаа мэдэрдэг»—Миранда
Бурхан залбирлыг сонсдог уу?
Чи Бурханд итгэдэг, түүнд залбирдаг ч гэсэн залбирлыг сонсдог гэдэгт нь итгэхэд хэцүү байж болох юм. Гэхдээ Библид Еховаг «Залбирлыг сонсдог Нэгэн» гэж бичсэн байдаг (Дуулал 65:2). Бас «Бүх зовнилоо Бурханд даатга» гэж уриалдаг. Яагаад? «Яагаад гэвэл тэр та нарт санаа тавьдаг» (1 Петр 5:7).
Бодож үзээрэй: Чи цаг гаргаад дотнын найзтайгаа байнга ярилцдаг биз дээ? Бурхантай ч бас тэгж ярилцаарай. Бурхныг Ехова гэдэг нэрээр нь дуудан байнга залбираарай (Дуулал 86:5–7; 88:9). Библид «Тасралтгүй залбир» гэж байдаг (1 Тесалоник 5:17).
«Би залбирч тэнгэрийн Эцэгтэйгээ ярьдаг. Ингэж би сэтгэлийнхээ гүн дэх бодлыг хуваалцдаг»—Мойсес
«Би ээждээ эсвэл дотнын найздаа сэтгэлээ уудлан ярьдаг шигээ Еховад сэтгэлээ уудлан залбирдаг»—Карен
Юуны тухай залбирч болох вэ?
«Хэзээ ямагт [өөрөөр хэлбэл, юуны ч тухай байсан] Бурханд залбир, Бурхнаас шаргуу гуй, Бурханд таларх, хүсэлтээ хэлж бай» (Филиппой 4:6).
Тэгвэл тулгараад байгаа асуудлынхаа талаар залбирч болох уу? Болно. Библид «Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө» гэж байдаг (Дуулал 55:22).
Мэдээж, зөвхөн тулгарсан асуудлынхаа тухай л залбираад байна гэсэн үг биш ээ. Шантел гэдэг нэгэн охин: «Еховагаас зөвхөн тусламж гуйгаад байвал сайн найз гэж хэлэх аргагүй. Би эхлээд талархаж залбирдаг. Талархах олон шалтгаан байдаг. Бараг урт жагсаалт гаргаж болно» гэж хэлжээ.
Бодож үзээрэй: Чи юунд талархаж явдаг вэ? Өнөөдөр Еховад ямар гурван зүйлд талархах вэ?
«Их энгийн зүйлд Еховад талархаж болно. Жишээ нь би гоё цэцэг хараад талархаж залбирдаг»—Анита
«Сэтгэл татам бүтээлийн тухай эсвэл таалагдсан Библийн зүйлээ эргэцүүлж бодоод Еховад талархан залбираарай»—Брайн