Еховагийн Гэрчүүд яагаад бусад шашныхнаас өөрөөр Эзний оройн зоог барьдаг вэ?
Бид Библид бичсэний дагуу Эзний оройн зоогийг барьдаг. Эзний оройн зоогийг бас «Эзэний зоог», Сүүлчийн зоог, Есүсийн нас барсныг дурсах арга хэмжээ гэж нэрлэдэг (1 Коринт 11:20, АББН 2004). Харин Христийн шашны урсгалуудын энэ арга хэмжээтэй холбоотой итгэл үнэмшил, зан үйл нь Библид үндэслээгүй байдаг.
Зорилго
Эзний оройн зоог барьдаг нь Есүсийг дурсан санаж, бидний төлөө амиа золиосолсонд нь талархдагаа илэрхийлэх зорилготой (Матай 20:28; 1 Коринт 11:24). Энэ нь ариун ёслол ч биш, нигүүлсэл өгдөг, нүглийг уучилдаг шашны зан үйл ч биш. a Шашны ямар нэг ёслол үйлдсэнээр нүгэл уучлагддаггүй, харин Есүст итгэснээр нүглээ уучлуулах боломжтой гэж Библид бичсэн байдаг (Ром 3:25; 1 Ёохан 2:1, 2).
Хэдэн удаа?
Есүс шавь нартаа Эзний оройн зоог барьж байхыг тушаасан. Гэхдээ хэдэн удаа гэдгийг тодорхой хэлээгүй (Лук 22:19). Тийм учраас зарим хүмүүс сар болгон, долоо хоног болгон, өдөр болгон, өдөрт хэд хэдэн удаа эсвэл хүссэн үедээ Эзний орой зоогийг барьдаг. Гэвч анхаарах ёстой зарим зүйл бий.
Есүс иудейчүүдийн Дээгүүр өнгөрөх баяраар энэ арга хэмжээг зохион байгуулсан. Бас тэр өдрөө нас барсан (Матай 26:1, 2). Энэ нь санамсаргүй явдал биш байв. Библид Есүсийн золиосыг Дээгүүр өнгөрөх баярын хургатай зүйрлэсэн байдаг (1 Коринт 5:7, 8). Дээгүүр өнгөрөх баярыг жилд нэг удаа тэмдэглэдэг байжээ (Египетээс гарсан нь 12:1–6; Левит 23:5). Үүн шиг, Христийн эртний дагалдагчид b Есүсийн нас барсныг дурсах цуглааныг жилд нэг удаа хийдэг байсан. Еховагийн Гэрчүүд ч гэсэн Библид үндэслэсэн энэ жишгийг дагадаг.
Өдөр, цаг
Есүсийн зохиосон энэ арга хэмжээнээс хэдэн удаа тэмдэглэхийг мэдээд зогсохгүй яг хэзээ тэмдэглэхийг мэдэж болно. Есүс эртний еврей хуанлийн дагуу МЭ 33 оны нисан сарын 14-нд нар жаргасны дараа зоог барьсан (Матай 26:18–20, 26). Еховагийн Гэрчүүд Христийн эртний дагалдагчдын адилаар жил бүрийн энэ өдөр дурсах цуглаан зохион байгуулдаг. c
МЭ 33 оны нисан сарын 14-н баасан гараг байжээ. Гэхдээ нисан сарын 14-н жил бүр өөр өөр гарагт болдог. Бид орчин үеийн еврей хуанлид хэрэглэдэг аргаар биш, харин Есүсийн үед хэрэглэдэг байсан аргаар энэ өдрийг тооцож гаргадаг. d
Талх, дарс
Есүс элч нартайгаа оройн зоог барихдаа Дээгүүр өнгөрөх баяраас үлдсэн исгээгүй талхыг идэж, улаан дарснаас уусан (Матай 26:26–28). Еховагийн Гэрчүүд Есүсийн жишээг даган исгээгүй талх, улаан дарс хэрэглэдэг. Харин исгэсэн, ямар нэгэн нэмэлт орцтой талх болон элсэн чихэр, амт оруулагч нэмсэн, хатууруулсан дарс юм уу усан үзмийн шүүс хэрэглэдэггүй.
Зарим урсгалынхан хөрөнгө юм уу исгэгчээр хөөлгөсөн талх хэрэглэдэг. Библид хөрөнгөөр гэм нүгэл, завхрал гажуудлыг бэлгэддэг (Лук 12:1; 1 Коринт 5:6–8; Галат 5:7–9). Тийм учраас хөрөнгөгүй, өөр ямар ч нэмэлт орцгүй талхаар Есүсийн нүгэлгүй биеийг бэлгэдэх нь зүйн хэрэг (1 Петр 2:22). Зарим урсгалынхан согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гэж заадаг учраас дарсны оронд усан үзмийн шүүс хэрэглэдэг. Харин энэ нь Библийн үндэсгүй юм (1 Тимот 5:23).
Талх, дарс бол бэлгэдлийн идээ
Оройн зоогийн үеэр хэрэглэдэг исгээгүй талх, улаан дарс нь Христийн бие болон цусыг бэлгэддэг. Түүнээс биш, зарим хүний боддог шиг, гайхамшгаар хувирч өөрчлөгдсөн юм уу Есүсийн мах, цустай холилдсон зүйл биш юм. Ингэж үзэх үндэс Библид бий.
Хэрвээ Есүс шавь нартаа цусыг минь уугаарай гэсэн тушаал өгсөн бол цусны талаарх Бурхны хуулийг зөрчсөн хэрэг болох байв (Эхлэл 9:4; Үйлс 15:28, 29). Мэдээж Есүс Бурхны хуулийг зөрчихийг шавь нартаа тушаахгүй (Ёохан 8:28, 29).
Хэрвээ элч нар цусыг нь уусан бол Есүс миний «урсах» цус гэж ирээдүй цаг дээр хэлэхгүй байх байсан. Тийм учраас Есүс цусаа хараахан урсгаагүй байсан гэсэн үг (Матай 26:28).
Есүс өөрийнхөө амийг «нэг л удаа» тахил болгон өргөсөн (Еврей 9:25, 26). Гэтэл Эзний оройн зоогийн үеэр талх, дарс Есүсийн мах, цус болж хувирсан бол шавь нар нь энэ арга хэмжээг тэмдэглэх бүрд Есүс амиа золиослох хэрэгтэй болно.
Есүс: «Намайг дурсаж ийнхүү үйлдэж байгаарай» гэснээс биш «намайг золиосол» гээгүй (1 Коринт 11:24).
Талх, дарсыг Есүсийн бие, цус болж хувирсан гэж боддог хүмүүс Библид бичсэнийг шууд утгаар нь ойлгосон байдаг. Жишээ нь, Библийн олон орчуулгад Есүс дарсыг «Энэ бол Миний цус» гэж хэлсэн хэмээн орчуулсан байдаг (Матай 26:28, АББН, 2004). Гэхдээ Есүсийн хэлсэн энэ үгийг «Энэ нь цусыг минь төлөөлдөг», «Энэ нь цусыг минь бэлгэддэг» гэж орчуулж болдог. e Ер нь Есүс зүйрлэл ашиглаж ярьдаг байсан. Энэ удаа ч мөн тэгжээ (Матай 13:34, 35).
Хэн хүртдэг вэ?
Еховагийн Гэрчүүдийн барьдаг Эзний оройн зоогийн үеэр цөөхөн хэдэн хүн л талх, дарснаас хүртдэг. Яагаад?
Есүс цусаа асгаруулснаараа Ехова Бурхан болон эртний Израйлын хооронд байгуулсан гэрээг халж, шинэ гэрээ байгуулах үндсийг тавьсан (Еврей 8:10–13). Шинэ гэрээнд оролцогчид бэлгэдлийн идээнээс хүртдэг. Христийн бүх дагалдагчид биш, харин Бурхны тусгайлан сонгож авсан цөөн хэдэн хүн л гэрээнд оролцогчид юм (Еврей 9:15; Лук 22:20). Тэд Христтэй хамт тэнгэрт хаанчилна. Библид бичсэнээр 144 000 хүн л ийм завшаан эдэлдэг (Лук 22:28–30; Илчлэл 5:9, 10; 14:1, 3).
Бидний ихэнх нь энэ «өчүүхэн сүрэгт» биш, дэлхий дээр мөнх амьдрах «үй олон хүний» тоонд багтдаг (Лук 12:32; Илчлэл 7:9, 10). Тиймээс дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүс Эзний оройн зоогийн бэлгэдлийн идээнээс хүртдэггүй. Гэсэн ч өөрсдийнх нь төлөө амиа золиосолсон Есүст талархлаа илэрхийлэхийн тулд энэ арга хэмжээнд оролцдог (1 Ёохан 2:2).
a Маклинток Строн нарын нэвтэрхий толийн 9-р ботийн 212-р хуудсанд «Ариун ёслол гэдэг үг Шинэ Гэрээнд байдаггүй. μυστήριον [мистерион] гэдэг грек үгээр баптисм, Эзний зоог юм уу эсвэл ямар нэгэн зан үйлийн алийг нь ч хэлдэггүй» гэж бичжээ.
b Дараах материалыг үзнэ үү. The New Schaff-Herzog Encyclopedia of Religious Knowledge, Volume IV, pages 43-44, and McClintock and Strong’s Cyclopedia, Volume VIII, page 836.
c The New Cambridge History of the Bible, 1-р ботийн 841-р хуудаснаас үзнэ үү (англи).
d Орчин үеийн еврей хуанлид нисан сар эхэлснийг астраномийн шинэ сар гарснаар тооцдог. Гэхдээ 1-р зуунд энэ аргыг хэрэглэдэггүй байсан. Харин шинэ сар Иерусалимд анх үзэгдсэн цагаас эхэлж тоолдог байжээ. Энэ нь астраномийн шинэ сар үзэгдсэнээс нэг юм уу түүнээс олон өдрийн дараа байж болдог. Еховагийн Гэрчүүдийн Дурсах цуглааны өдөр орчин үеийн еврейчүүдийн Дээгүүр өнгөрөх баярын өдөртэй тэр бүр таараад байдаггүйн нэг шалтгаан энэ юм.
e Дараах материалыг үзнэ үү. A New Translation of the Bible, by James Moffatt; The New Testament—A Translation in the Language of the People, by Charles B. Williams; and The Original New Testament, by Hugh J. Schonfield.