Еховагийн Гэрчүүд яагаад Крисмас баяр тэмдэглэдэггүй вэ?
Нийтлэг буруу ойлголтууд
Ташаа ойлголт: Еховагийн Гэрчүүд Есүст итгэдэггүй учраас Крисмас баярыг тэмдэглэдэггүй.
Үнэндээ бол: Бид Христийн дагалдагчид. Есүсийн ачаар л аврагдана гэдэгтээ итгэдэг (Үйлс 4:12).
Ташаа ойлголт: Крисмас баярыг битгий тэмдэглэ гэж хүмүүсийг ятган гэр бүлийнхнээс нь хөндийрүүлдэг.
Үнэндээ бол: Бид гэр бүлийн асуудалд их санаа тавьдаг. Гэр бүлээ бат бэх байлгахын тулд Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэхийг уриалдаг.
Ташаа ойлголт: Та нар Крисмас тэмдэглэдэггүй болохоор өгөөмөр сэтгэл гаргах, эв нэгдэлтэй байх, хүнд тустай үйл хийх гэсэн сайхан боломжийг алддаг.
Үнэндээ бол: Бид өдөр бүр өгөөмөр, эв найртай байхыг хичээдэг (Сургаалт үгс 11:25; Ром 12:18). Жишээлбэл, бид цуглаан хийж, дэлгэрүүлэх ажилд оролцохдоо «Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг» гэсэн Есүсийн зааврыг дагадаг (Матай 10:8). Мөн бид зөвхөн Бурхны Хаант төр дэлхий дахинд амар тайвныг тогтооно гэж заадаг (Матай 10:7).
Еховагийн Гэрчүүд яагаад Крисмас баяр тэмдэглэдэггүй вэ?
Төрсөн өдрийг нь биш, нас барсан өдрийг нь тэмдэглэхийг Есүс тушаасан (Лук 22:19, 20).
Есүсийн элч нар, дагалдагчид Крисмас тэмдэглэдэггүй байсан. Нэгэн нэвтэрхий тольд «Есүсийн мэндэлснийг хамгийн эртдээ [МЭ] 243 оноос, сүүлчийн элч нарыг нас барснаас хойш зуу гаруй жилийн дараа тэмдэглэдэг болсон» гэж бичжээ («The New Catholic Encyclopedia»).
Яг хэзээ төрснийг нь Библид бичээгүй. Тийм учраас Есүсийг 12-р сарын 25-нд төрсөн гэсэн баталгаа байхгүй.
Крисмас нь хуурамч шашны зан заншлаас үүсэлтэй учраас энэ баярыг тэмдэглэх нь Бурханд таалагддаггүй гэж бид итгэдэг (2 Коринт 6:17).
Бусдаас онцгойрон байж Крисмас баярыг тэмдэглэхгүй байх хэрэгтэй юү?
Олон хүн Крисмас баярыг Библийн үндэслэлгүй, хуурамч шашнаас үүсэлтэй гэдгийг нь мэддэг мөртлөө тэмдэглэдэг. Тэд: «Хүмүүс тэмдэглэж байхад заавал олноос онцгойрч яах юм бэ? Яагаад үүнийг асуудал болгох хэрэгтэй юм бэ?» гэж бодож болох юм.
Юмны учрыг сайн бодоорой гэж Библи бидэнд уриалдаг (Ром 12:1, 2). Бас үнэнийг эрхэмлээрэй гэдэг (Иохан 4:23, 24). Хүмүүс юу гэх бол гэж бодох нь зүйн хэрэг. Гэхдээ бусдад муу хэлүүлэх байсан ч бид Библийн зарчмыг баримталдаг.
Бид өөрсдөө Крисмас баярыг тэмдэглэдэггүй ч, бусдыг энэ асуудлаар шийдвэр гаргах эрхтэйг нь ойлгож хүндэтгэдэг. Энэ баярыг битгий тэмдэглэ гэж бусдаас шаарддаггүй.