Ёоханы бичсэн сайн мэдээ 5:1–47
5 Үүний дараа иудейчүүдийн баяр болж, Есүс Иерусалим руу явав.
2 Иерусалимын Хонины хаалганы дэргэд еврейгээр Бетзата гэдэг, эргэн тойрондоо багана бүхий цөөрөм байдаг ажээ.
3 Тэнд өвчтэй, сохор, доголон, гар, хөл нь хатангиртсан олон хүн хэвтэж байлаа.
4 —*
5 Гучин найман жил өвчтэй байсан нэг хүн тэнд байжээ.
6 Есүс хэвтэж байгаа тэр эрэгтэйг харж олон жил өвчтэй байсныг нь мэдээд «Та эдгэмээр байна уу?» гэж асуув.
7 Өнөөх хүн: «Ус цалгих үед намайг ус руу оруулах хүн байдаггүй юм. Очих гэсээр байтал өөр хүн түрүүлээд орчихдог юм» гэж хариулав.
8 Есүс: «Бос! Дэвсгэрээ аваад яв» гэж хэлмэгц
9 өнөөх эр эдгэж, дэвсгэрээ аваад явж эхлэх нь тэр.
Энэ явдал Амралтын өдөр болжээ.
10 Иудейчүүд: «Өнөөдөр Амралтын өдөр учраас дэвсгэрээ авч явж болохгүй» гэхэд
11 өнөөх эр тэдэнд «Намайг эдгээсэн хүн “Дэвсгэрээ аваад яв” гэж хэлсэн юм» гэжээ.
12 Тэгтэл тэд: «“Дэвсгэрээ аваад яв” гэж хэлсэн тэр хүн хэн бэ?» гэж асуулаа.
13 Гэвч хэн эдгээснийг өнөөх хүн мэдэхгүй байв. Учир нь Есүс тэнд байсан олны дунд ороод явчихжээ.
14 Дараа нь Есүс өнөөх хүнтэй сүмд тааралдаад «Одоо та эдгэсэн. Илүү муу юм үзэхгүйн тулд дахиж бүү нүгэл үйлд» хэмээжээ.
15 Өөрийг нь эдгээсэн хүн Есүс байсныг тэр хүн иудейчүүд рүү очиж хэлжээ.
16 Иудейчүүд Есүсийг хавчих болов. Учир нь Есүс Амралтын өдөр ийм юм хийдэг байв.
17 Харин Есүс: «Миний Эцэг одоо болтол ажиллаж байгаа. Би ч ажиллана» гэв.
18 Үүнээс болж иудейчүүд түүнийг хөнөөхийг улам их санаархах болжээ. Учир нь тэднийхээр бол, Есүс Амралтын өдрийг зөрчиж байсан төдийгүй Бурхныг Эцгээ хэмээн өөрийгөө Бурхантай эн зэрэгцүүлсэн ажээ.
19 Тиймээс Есүс тэдэнд ийн ярив. «Би та нарт батлан хэлье. Хүү нь Эцгийнхээ юу хийдгийг хардаг бөгөөд хийдэг болохоос бус, дур зоргоороо юу ч хийдэггүй. Эцэг юу хийнэ, Хүү мөн түүнчлэн хийдэг.
20 Учир нь Эцэг нь Хүүдээ хайртай бөгөөд юу хийдгээ харуулдаг. Та нарын гайхлыг төрүүлэх илүү агуу үйл хэргийг Хүүдээ харуулна.
21 Эцэг үхэгсдийг амилуулдаг шиг Хүү хүссэн хүнээ амилуулдаг.
22 Эцэг хэнийг ч шүүдэггүй, харин бүгдийг шүүх эрхийг Хүүдээ олгосон нь
23 Эцгийг бүгд хүндэлдгийн адил Хүүг хүндлээсэй гэснийх юм. Хүүг хүндэлдэггүй хүн Хүүг илгээсэн Эцгийг хүндэлдэггүй.
24 Би батлан хэлье. Миний үгийг сонсоод намайг илгээсэн Нэгэнд итгэдэг хэн боловч мөнх амьдарна. Тэр хүн буруутгагдахгүй* бөгөөд үхлээс амь руу шилжсэн юм.
25 Үхэгсэд Бурхны Хүүгийн дууг сонсох, дуулгавартай нь амьдрах цаг болох гэж байгаа бөгөөд болчихоод байна.
26 Эцэг амийн эх булаг билээ. Амь өгөх эрхийг Хүүдээ өгсөн.
27 Бас шүүх эрх мэдэл өгсөн. Яагаад гэвэл Хүү нь хүний Хүү юм.
28 Үүнд бүү гайх. Учир нь дурсамжийн булшинд* байгчид бүгдээрээ түүний дууг сонсоод гарч ирэх цаг болох гэж байна.
29 Сайныг үйлддэг нь мөнх амьдарна. Хорон мууг үйлддэг нь яллагдана*.
30 Би дураараа юу ч хийж чадахгүй. Эцгийнхээ хэлснээр, шударга шүүдэг. Яагаад гэвэл би өөрийнхөө биш, намайг илгээсэн Эцгийнхээ хүсэл таалалд нийцүүлдэг.
31 Би өөрөө өөрийгөө гэрчилбэл хүмүүс итгэхгүй.
32 Намайг гэрчилдэг өөр нэгэн бий. Үнэн зөв гэрчилдгийг нь би мэднэ.
33 Та нар Ёохан руу хүмүүсийг явуулахад Ёохан үнэнийг гэрчилсэн.
34 Хүнээр гэрчлүүлэх шаардлага надад байхгүй боловч та нарыг аврагдаасай гэсэндээ үүнийг ярьж байна.
35 Ёохан бол асаж, гэрэлтэж байсан дэн байв. Та нар түүний гэрэлд хэсэг зуур жаргахыг хүсэж байсан.
36 Эцэг намайг явуулсныг Ёохан гэрчилдэг байсан. Гэхдээ үүнээс илүү чухал баримт надад бий. Энэ бол Эцгийн минь даалгасан ажил бөгөөд би хийж байгаа.
37 Түүнчлэн, намайг илгээсэн Эцэг өөрөө намайг гэрчилдэг. Та нар түүний дууг хэзээ ч сонсоогүй, дүр төрхийг нь хараагүй.
38 Та нар Бурхны илгээсэн элчид итгэдэггүй учир та нарын сэтгэлд Бурхны үг хоногшоогүй.
39 Та нар мөнх амьтай болно гэж бодоод Судрыг судалдаг. Уг нь тэр л Судар намайг гэрчилдэг юм шүү дээ.
40 Гэвч та нар амьтай болохын тулд над руу ирдэггүй.
41 Би хүнээр магтуулах гэж хичээдэггүй.
42 Харин та нар Бурхныг хайрладаггүйг би сайн мэднэ.
43 Би Эцгийнхээ нэрийн өмнөөс ирсэн ч та нар хүлээж аваагүй. Хэрэв хэн нэгэн өөрөө санаачлаад ирсэн бол та нар хүлээж авах байсан.
44 Та нар хүнийг магтаж, хүнээр магтуулах гэж хичээдэг хэрнээ цорын ганц Бурхнаар магтуулах гэж хичээдэггүй юм чинь яаж итгэх юм бэ?
45 Би та нарыг Эцгийнхээ өмнө буруутгана гэж бүү бод. Харин та нарын итгэдэг Мосегийн бичсэн номнууд та нарын бурууг илчилдэг.
46 Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол надад итгэх байсан. Яагаад гэвэл Мосе миний тухай бичсэн юм.
47 Та нар Мосегийн бичсэн номнуудад итгэдэггүй бол миний үгэнд яаж итгэх юм бэ?» гэлээ.
Зүүлт
^ Эсвэл «шүүгдэхгүй»
^ Үгч. «хадес». Үгийн тайлбараас «Булш»-ийг үзнэ үү.
^ Энэ нь амилсныхаа дараа юу хийсэнтэй холбоотой бололтой.