Лукийн бичсэн сайн мэдээ 6:1–49
6 Нэгэн Амралтын өдөр Есүс тариан талбайгаар явж байлаа. Шавь нар нь тариан түрүү шувтарч аван алгандаа үрээд идэж байв.
2 Үүнийг харсан хэдэн фарисай: «Та нар яагаад Амралтын өдөр хийж болдоггүй юм хийж байгаа юм бэ?» гэхэд
3 Есүс: «Давид болон хамт явсан хүмүүс нь өлсөөд яасныг та нар огт уншаагүй юм уу?
4 Давид Бурхны өргөөнд орж, Бурханд өргөсөн талхыг авч идсэн бөгөөд хамт яваа хүмүүстээ бас өгсөн биш үү? Тэр талхыг тахилчдаас өөр хэн ч идэх ёсгүй байсан биз дээ?» хэмээгээд
5 «Хүний Хүү Амралтын өдрийн Эзэн мөн» гэж тэдэнд хэлэв.
6 Өөр нэг Амралтын өдөр Есүс синагогт очиж, сургаал айлдаж байв. Тэнд баруун гар нь хатангиртсан хүн байлаа.
7 Амралтын өдөр эдгээх нь үү гэж хуулийн багш нар болон фарисайчууд Есүсийг анхааралтай ажиглаж байв. Тэд түүнийг буруутгах ямар нэг шалтаг хайж байлаа.
8 Есүс тэдний санааг мэдэж байсан ч хатангир гартай хүнд «Босоод ир» гэхэд өнөөх хүн босож очоод зогсжээ.
9 Есүс тэдэнд хандаж «Та нараас асууя. Сайн юм эсвэл муу юм хийх, амь аврах эсвэл хөнөөхийн алийг Амралтын өдөр хийж болох вэ?» гээд
10 бүх хүнийг тойруулж харснаа өнөөх эрд «Гараа тэнийлгэ» гэж хэллээ. Тэр хүн гараа тэнийлгэхэд гар нь эдгэжээ.
11 Гэтэл тэд ихэд уурлаж, Есүсийг яах талаар ярилцаж эхлэв.
12 Нэгэн удаа Есүс залбирахаар ууланд гарч, шөнөжингөө залбирчээ.
13 Тэгээд өглөө нь шавь нараа дуудаж, тэдний дундаас 12 хүнийг сонгон элч гэж нэрлэв.
14 Нэрийг нь дурдвал: Есүсээс Петр гэдэг нэр авсан Симон, түүний дүү Андрей, түүнчлэн Яаков, Ёохан, Филип, Бартоломай,
15 Матай, Томас, Алфайн хүү Яаков, «идэвх зүтгэлт» гэгддэг Симон,
16 Яаковын хүү Юудас, хожим урвасан Искариот Юудас юм.
17 Есүсийг тэдэнтэй хамт уулнаас бууж ирэхэд өөр олон шавь нь байв. Бас түүнийг сонсох гэж, өвчнөө эдгээлгэх гэж Иерусалим, Иудейн бүх нутаг, Тир, Сидоны эрэг хавийн нутгаас ирсэн тоо томшгүй хүн байжээ.
18 Чөтгөрт эзэмдүүлж шаналсан хүмүүс ч эдгэж байлаа.
19 Хүмүүс бүгдээрээ Есүст гараа хүргэх гэж зүтгэж байлаа. Яагаад гэвэл түүнээс хүч гарч, бүх хүнийг эдгээж байв.
20 Есүс шавь нараа хараад ингэж ярив.
«Ядуус та нар жаргалтай. Учир нь Бурхны Хаант төр та нарынх юм.
21 Өлсөж байгаа та нар жаргалтай. Учир нь та нар цадна.
Уйлж байгаа та нар жаргалтай. Учир нь та нар инээнэ.
22 Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, хөөж, доромжилж, нэрийг чинь гутаахад та нар жаргалтай.
23 Тэр өдөр та нар баярла, баясан цовхоч. Яагаад гэвэл та нар тэнгэрт гараад агуу шагнал хүртэнэ. Тэдний өвөг дээдэс бас зөнчдөд тэгж хандсан юм.
24 Харамсалтай яа, баячууд аа! Учир нь та нар хүртэх шагналаа бүрэн авсан.
25 Харамсалтай яа, цатгалан хүмүүс ээ! Учир нь та нар өлсөнө.
Харамсалтай яа, инээж байгаа хүмүүс ээ! Учир нь та нар гашуудна, уйлна.
26 Бүх хүн та нарын талаар ам сайтай байвал харамсалтай яа. Учир нь тэдний өвөг дээдэс хуурамч зөнчдөд тийн хандсан юм.
27 Харин би сонсож буй хүмүүст хэлье. Дайснаа хайрла. Та нарыг үзэн яддаг хүмүүст сайн юм хий.
28 Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө, доромжилдог хүмүүсийн төлөө залбир.
29 Хацрыг чинь алгадсан хүнд нөгөө хацраа ч өг. Дээлийг чинь булааж авсан хүнд цамцаа ч өг.
30 Гуйсан хүн бүрд өг. Юмыг чинь авсан хүнээс эргүүлж бүү нэх.
31 Өөрт тань яаж хандаасай гэж хүснэ, та өөрөө ч бусдад тийнхүү ханд.
32 Та нар өөрсдийг чинь хайрладаг хүнийг хайрладаг бол бусдаас юугаараа илүү юм бэ? Нүгэлтнүүд ч өөрсдийг нь хайрладаг хүмүүсийг хайрладаг.
33 Та нарт сайн юм хийдэг хүнд сайн юм хийдэг бол бусдаас юугаараа илүү юм бэ? Нүгэлтнүүд ч тэгдэг шүү дээ.
34 Буцааж өгөх хүнд мөнгө зээлүүлбэл* та нар бусдаас юугаараа илүү юм бэ? Нүгэлтнүүд ч буцааж авна гээд нүгэлтнүүддээ зээлүүлдэг шүү дээ.
35 Харин та нар дайснуудаа хайрла. Сайн юм хийж бай. Хариу харалгүй зээлүүл. Тэгвэл та нар агуу шагнал хүртэх бөгөөд Хамгийн дээд нэгний хүүхдүүд болно. Учир нь Бурхан өөрт нь талархдаггүй, хорон муу хүмүүст ч сайхан сэтгэлээр ханддаг.
36 Өршөөнгүй Эцэг шигээ өршөөнгүй бай.
37 Түүнчлэн бусдыг шүүдгээ боль. Тэгвэл та нарыг шүүхгүй. Бусдыг бүү буруутга. Тэгвэл та нарыг буруутгахгүй. Уучилж өршөөж* бай. Тэгвэл та нарыг уучилна.
38 Бусдад өгч бай. Тэгвэл хүмүүс та нарт өгнө. Тэгэхдээ шахсан, чигжсэн, бялхсан хэмжээгээр хормой дээр чинь асгана. Учир нь та нар яаж хэмжинэ, тэд тэгж л хэмжинэ.
39 Тэгээд Есүс жишээ татан «Сохор хүн сохор хүнд газарчилж чадах уу? Хоёулаа нүхэнд унахгүй гэж үү?
40 Шавь багшаасаа илүү гардаггүй. Харин бүрэн сурсныхаа дараа хүн бүр багш шигээ болдог.
41 Та ах дүүгийнхээ* нүдэн дэх үртсийг хардаг атлаа яагаад өөрийнхөө нүдэн дэх дүнзийг хардаггүй юм бэ?
42 Эсвэл нүдэндээ байгаа дүнзийг харахгүй байж “Нүдэн дэх чинь үртсийг чинь аваад өгье” гэж яаж хэлнэ вэ? Хоёр нүүр гаргадаг хүн та эхлээд нүдэн дэх дүнзээ ав. Тэгвэл сайн харна. Ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг яаж авахаа мэднэ.
43 Сайн мод муу жимс ургуулдаггүй. Муу мод сайн жимс ургуулдаггүй.
44 Модны сайн муу нь жимсээрээ танигддаг. Өргөст бутнаас инжир, усан үзэм хураадаггүй биз дээ.
45 Сайн хүний зүрх сэтгэл сайн сайхнаар дүүрэн байдаг учир сайн юм ярьдаг. Муу хүний зүрх сэтгэл муу муухайгаар дүүрэн байдаг учир муу юм ярьдаг. Зүрх сэтгэл нь юугаар дүүрнэ, түүнийгээ ярьдаг.
46 Та нар миний хэлснийг хийдэггүй байж юунд намайг “Эзэн минь! Эзэн минь!” гэж дуудна вэ?
47 Над руу ирж, үгийг минь сонсоод ажил хэрэг болгодог хүн хэнтэй адил болохыг хэлье.
48 Байшин барихдаа газраа гүн ухаад хадан дээр суурийг нь тавьсан хүнтэй адил юм. Үер бууж, голын ус хальж байшинг хүчтэй цохижээ. Гэвч байшин нурсангүй. Яагаад гэвэл байшинг бат бөх барьсных юм.
49 Харин үгийг минь сонсоод ажил хэрэг болгодоггүй хүн бол суурь тавилгүй, газар дээр байшин барьсан хүнтэй адил юм. Голын ус хальж байшинг цохимогц нурж, юу ч үгүй сүйрчээ».
Зүүлт
^ Хүүгүйгээр зээлүүлэхийг хэлж байна.
^ Грек үг нь суллах, чөлөөлөх гэсэн утгатай.
^ Израйлчууд угсаа гарал, шүтлэг нэгтэй учир бие биеэ ах дүү гэж үздэг байв.