Яаковын бичсэн захидал 4:1–17

  • Ертөнцтэй бүү нөхөрлө (1-12)

    • Диаволыг эсэргүүц (7)

    • Бурхантай ойр дотно бол (8)

  • Сайрхахаас болгоомжил (13-17)

    • «Ехова хүсвэл» (15)

4  Та нар юунаас болж маргалдаж, тэмцэлдээд байна вэ? Та нарыг захирах гэсэн махан биеийнхээ хүслээс болоод байгаа юм биш үү?  2  Авах гэж хүссэн ч та нарт байдаггүй болохоор шунадаг, хөнөөдөг. Гэсэн ч олж авч чаддаггүй. Та нар тэмцэлдэж, дайтдаг. Та нарт байдаггүйн учир нь гуйдаггүйнх юм.  3  Гуйдаг ч авдаггүй. Яагаад гэвэл махан биеийнхээ хүслийг хангах гэсэн буруу хандлагаар гуйдаг. 4  Үнэнч бус хүмүүс ээ*, ертөнцтэй нөхөрлөдөг хүн Бурхантай дайсагнаж байгаа хэрэг гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Ертөнцтэй нөхөрлөхийг хүсдэг хэн боловч өөрийгөө Бурхны дайсан болгож байгаа хэрэг.  5  Аль эсвэл «Атаархуу зантай бид шунаж байдаг» гэж Сударт зүгээр нэг бичсэн гэж та нар бодож байна уу?  6  Харин Бурхны нигүүлсэл илүү агуу юм. Сударт «Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнийг нигүүлсдэг» гэж бий. 7  Тиймээс Бурханд захирагд. Диаволыг эсэргүүц. Тэгвэл Диавол та нараас зайлна.  8  Бурхантай ойр дотно бол. Тэгвэл тэрээр та нартай дотно болно. Нүгэлт та нар гараа цэвэрлэ. Эргэлздэг та нар зүрхээ ариусга.  9  Та нар шаналж, уйл. Та нар цаашид инээх бус, шаналах ёстой. Баярлан хөөрөх бус, уйлах ёстой.  10  Даруу байдаг тань Еховад* илэрхий болог. Тэгвэл тэрээр та нарыг өргөмжилнө. 11  Бие биеэ бүү муул. Ах дүүгээ муулдаг эсвэл шүүдэг хүн хуулийг муулж, шүүж байгаа хэрэг. Хуулийг шүүмжилбэл хууль биелүүлэгч бус, шүүгч болой.  12  Хууль тогтоогч, Шүүгч ганц л байдаг. Тэр нэгэн аварч чадна, устгаж чадна. Харин ах дүүгээ шүүдэг та хэн юм бэ? 13  «Өнөөдөр юм уу маргааш бид тэр хотод очоод нэг жил байж худалдаа наймаа хийж ашиг олно» гэж хэлдэг та нар сонсоцгоо.  14  Та нар маргааш амьд байх эсэхээ мэдэхгүй шүү дээ. Яагаад гэвэл та нар бол хэсэгхэн зуур үзэгдээд арилдаг манан юм.  15  Ингэж хэлэхийн оронд «Ехова* хүсвэл бид амьд байж, үүнийг юм уу түүнийг хийнэ» гэж хэлэх ёстой бус уу?  16  Гэтэл та нар өөрсдөөрөө сайрхаж бардамнадаг. Ингэж сайрхах нь бузар юм.  17  Тэгэхээр зөвийг үйлдэхээ мэддэг хэрнээ үйлддэггүй бол энэ нь нүгэл юм.

Зүүлт

Үгч. «Завхай хүмүүс ээ»