Skip to content

Гарчиг руу орох

Би яавал Бурхны найз болох вэ?

Би яавал Бурхны найз болох вэ?

35-Р БҮЛЭГ

Би яавал Бурхны найз болох вэ?

Жереми зовлон үзээд Бурхантай дотно байхын үнэ цэнийг ойлгосон байна. «Намайг 12-той байхад аав маань гэрээсээ явсан. Нэг шөнө би орон дотроо Еховад, “Аавыг маань буцаагаад ирүүлээд өгөөч” гэж залбирсан юм» гэж Жереми ярьжээ.

Жереми гуньж гутарсан үедээ Библи уншдаг болсон байна. Дуулал 10:14-ийг уншаад сэтгэл нь их хөдөлжээ. Энэ зүйлд Еховагийн тухай «Ядуу хүн Танд даатгадаг. Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ» гэж байдаг. Жереми: «Яг Ехова надтай ярьж байгаа юм шиг бас “Би чиний туслагч, чиний аав шүү” гэдгээ хэлж мэдрүүлж байгаа юм шиг санагдсан. Еховагаас илүү сайн аав хаа ч байхгүй» гэжээ.

ЧИ ЖЕРЕМИТЭЙ адилхан зовлон үзсэн ч бай, үгүй ч бай, Ехова чамтай нөхөрлөхийг хүсдэг гэж Библид байдаг. «Бурхантай ойр дотно бол. Тэгвэл тэрээр та нартай дотно болно» гэж Библид байдаг (Яаков 4:8). Энэ нь яг юу гэсэн үг вэ? Мэдээж Бурхан нүдэнд харагдахгүй, бас чиний үе тэнгийнх биш. Их олон талаараа чамтай эн тэнцүү биш байж болох юм. Гэхдээ Ехова Бурхан чамайг найзаа болгохыг хүсдэг.

Бурхантай найз болъё гэвэл чи бас хичээх хэрэгтэй. Жишээ авъя. Тасалгааны ургамал аяндаа ургачихдаггүй шүү дээ. Сайхан ургуулъя гэвэл байнга усалж, ургахад тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Бурхантай найз болоход ч бас адилхан. Чи Бурхантай нөхөрлөхийн тулд юу хийж болох вэ?

Уншиж судалж байх нь маш чухал

Хүмүүс бие биенийгээ сонсож, харилцан ярилцаж нөхөрлөдөг. Бурхантай нөхөрлөхөд ч бас адилхан. Библийг уншиж судалбал Бурхны яриаг сонсож байна гэсэн үг (Дуулал 1:2, 3).

Чи уншиж судлах тийм ч дуртай биш байж болох юм. Чиний үеийнхэн зурагт үзэх, тоглох, эсвэл найзуудтайгаа цагаа өнгөрөөх илүү дуртай байх. Гэхдээ чи Бурхны анд нөхөр болохыг хүсэж л байгаа бол хэлснийг нь хийх хэрэгтэй. Үгийг нь уншиж судалснаар Бурхныг сонсоно.

Санаа зовох хэрэггүй. Библи судлах нь тийм ч хэцүү юм биш. Чи судлах дургүй байлаа ч судлах аргаа сонирхолтой болгож болно. Юуны түрүүнд Библи судлахад зориулж цаг гаргах хэрэгтэй. Лайс гэдэг охин: «Би төлөвлөгөө гаргасан. Өглөө болгон хамгийн эхлээд Библиэс нэг бүлэг уншдаг» гэжээ. 15 настай Мария өөр хуваариар уншдаг. Мария: «Би орой болгон, унтахаасаа өмнө Библиэс нэг хэсгийг уншдаг» гэж хэлсэн юм.

Чи өөртөө тохирсон хуваарь гаргая гэвэл  Хавсралтыг үзээрэй. Тэгээд доор байгаа зайнд хэдийд Бурхны Үгийг 30 орчим минут судалж болохоо бичээрэй.

․․․․․

Цагаа төлөвлөөд л болчихгүй. Яг уншаад эхэлтэл Библи унших тийм амар биш гэдгийг анзаарах байх. «Библийн зарим хэсэг нь ойлгоход их хэцүү бас тийм ч сонирхолтой биш» гэж хэлсэн 11 настай Жезриелтэй чи санал нийлж магадгүй. Тийм байлаа ч битгий бууж өгөөрэй. Библи судлахыг анд найз Еховагийнхаа үгийг сонсох цаг гэж дандаа бодож байгаарай. Эцэст нь гэж хэлэхэд Библи судлахын төлөө хэдий их хүчин чармайлт гаргана, төдий чинээ сонирхолтой байна, бас ач тус хүртэнэ.

Залбирах бас чухал

Залбирал бол Бурхантай ярилцах арга юм. Залбирал хэчнээн гайхалтай бэлэг гээч! Өдөр шөнийн алинд ч Еховад залбирч болно. Тэрбээр хэзээд сонсоход бэлэн байдаг. Бэлэн байгаад зогсохгүй чиний юу хэлэхийг сонсохыг хүсдэг. Тийм ч учраас Библид «Хэзээ ямагт Бурханд залбир, Бурхнаас шаргуу гуй, Бурханд таларх, хүсэлтээ хэлж бай» гэж байдаг (Филиппой 4:6).

Энэ зүйлд бичсэнээр Еховад хэлж ярих юм их байгаа биз? Санаа зовоосон асуудал бэрхшээлээ хэлж залбирч болно шүү дээ. Бас талархаж явдаг зүйлээ хэлээрэй. Найзууд чинь чиний төлөө ямар нэг юм хийхэд чи тэдэнд талархдаг биз дээ? Еховад бас адилхан талархаарай. Яагаад гэвэл Ехова чиний төлөө ямар ч найзаас илүү ихийг хийсэн (Дуулал 106:1).

Юу юунд Еховад талархмаар байгаагаа доор жагсааж бичээрэй.

․․․․․

Заримдаа чи санаа зовж түгшдэг байх. Дуулал 55:22-т «Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө. Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй» гэж байдаг.

Доор байгаа зайнд санааг чинь зовоож байгаа, хэлж залбирмаар байгаа юмаа жагсааж бичээрэй.

․․․․․

Бурхны тусламжийг мэдрээрэй

Бурхантай нөхөрлөхөд зайлшгүй хэрэгтэй бас нэг зүйл бий. Дуулалч Давид энэ тухай «ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз» гэж бичжээ (Дуулал 34:8). Амь насанд нь аюултай хүнд байдлаас гарсны дараа Давид 34-р дууллыг бичсэн байна. Амийг нь хөнөөхийг санаархсан Саул хаанаас зугтаж байлаа. Ингэж амьдрах хэцүү байсан байж таарна. Амь гарахын тулд дайснууд буюу филистчүүдийн дунд орогнож байлаа. Тэрбээр амиа алдахын даваан дээр уран арга сэджээ. Солиотой хүний дүр эсгэж амь мултарсан юм (1 Самуел 21:10–15).

Давид авхаалж самбаатайдаа амьд үлдсэн гэж бодоогүй. Харин ч тэрбээр Еховаг магтан алдаршуулсан. 34-р дууллын эхний хэсэгт «Би ЭЗЭНийг хайсан бөгөөд Тэр надад хариулж, бүх айдсаас минь намайг аварсан» гэж байдаг (Дуулал 34:4). Тиймээс үзэж туулсан зүйлдээ үндэслээд «ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз» гэж бусдад уриалжээ. *

Ехова чамд санаа тавьж байсныг харуулах явдал амьдралд чинь тохиолдож байсан уу? Тохиолдож байсан бол доор бичээрэй. Заавал сүртэй юм байх албагүй. Өдөр тутам тохиолддог, жижиг ч болов хүртсэн ивээлээ эсвэл байдаг л гэмээр зүйлийг ч бичсэн болно.

․․․․․

Чи Библийг аав ээжээрээ заалгасан байх. Энэ чинь бас нэг ивээл шүү дээ. Гэхдээ л чи өөрөө Бурхантай дотно харьцаа тогтоох хэрэгтэй. Тэгж амжаагүй байгаа бол энэ бүлэгт гарсан зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээд өөрийн гэсэн харьцаа тогтоохыг хичээгээрэй. Ехова хичээл зүтгэлийг чинь ивээнэ. Библид «Гуйгаад бай, тэгвэл танд өгнө. Хайгаад бай, тэгвэл та олно» гэж байдаг (Матай 7:7).

1-Р ДЭВТРИЙН 38, 39-Р БҮЛГЭЭС ИЛҮҮ ИХИЙГ УНШААРАЙ

ДАРААГИЙН БҮЛЭГТ

Бусадтай Бурхны тухай ярихад хэцүү байна уу? Итгэл үнэмшлээ яаж тайлбарлахыг мэдэж аваарай.

[Зүүлт]

^ д/м 24 «Амсаж үз» гэдэг үгийг Библийн өөр орчуулгад «өөрийн биеэр үз» гэж орчуулсан байдаг (Монголын Библийн Нийгэмлэг 2015).

БИБЛИЙН ГОЛ ЗҮЙЛ

«Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүн жаргалтай» (Матай 5:3)

ЗӨВЛӨГӨӨ

Библиэс өдөрт дөрөвхөн хуудас уншаад байвал жилийн дотор гэхэд дуусгана.

ЧИ МЭДЭХ ҮҮ?

Чи энэ номоо уншаад дотор нь байгаа Библид үндэслэсэн зөвлөгөөг хэрэгжүүлье гэж бодож байгаа шүү дээ. Энэ номоор дамжуулан Ехова яг чамд л санаа тавьж байна гэсэн үг (Ёохан 6:44).

МИНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

Библи уншихын ач тусыг мэдрэхийн тулд би ингэнэ ․․․․․

Өмнөхөөсөө илүү тогтмол залбирдаг болохын тулд би ингэнэ ․․․․․

Би аав ээжээсээ ийм ийм юмны тухай асууна ․․․․․

ЧИ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ?

● Яавал бие даасан судлалаа сонирхолтой болгох вэ?

● Ехова яагаад төгс бус бидний залбирлыг сонсохыг хүсдэг вэ?

● Залбирлынхаа чанарыг яаж сайжруулах вэ?

[Товчлол]

“Би жаахан байхдаа нэг л юмаа давтаж залбирдаг байсан. Одоо би сайн ч бай, муу ч бай, өдөр бүр өөр өөр юмны талаар залбирахыг хичээж байгаа. Яг адилхан хоёр өдөр гэж байхгүй. Тэгж бодвол адилхан зүйлээ дахин дахин давтаад байдаггүй’’—Ийв.

[Хавсралт]

 Библиэр аялцгаая

1. Уншихыг хүссэн Библийн хэсгээ сонгоорой. Уншиж байгаа зүйлээ ойлгохын тулд мэргэн ухаан гуйж залбираарай.

2. Сонгосон хэсгээ анхааралтай уншаарай. Яарах хэрэггүй. Уншингаа төсөөлөн бодоорой. Аль болох мэдрэхийг хичээгээрэй. Уншиж байгаа хэсгийнхээ үйл явдлыг нь харж, баатруудынх нь дуу хоолойг сонсож, агаарыг нь үнэрлэж, хоолыг нь амтлахыг хичээгээрэй. Өөрөөр хэлбэл тухайн хэсгийг оюун санаандаа амилуулаарай.

3. Уншсан зүйлээ бодоорой. Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай.

● Ехова яагаад энэ үйл явдлыг Библид бичүүлсэн бэ?

● Хэнийг дуурайвал зохих вэ? Хэний алдаанаас зайлсхийх вэ?

● Энэ үйл явдлаас би сургамж болохоор юу мэдэж авсан бэ?

● Энэ хэсгээс би Еховагийн тухай болон аливааг хэрхэн хийдэг талаар нь юу мэдэж авсан бэ?

4. Еховад товчхон залбираарай. Библиэ уншаад юу олж мэдсэнээ, амьдралдаа яаж хэрэгжүүлмээр байгаагаа хэлээрэй. Библи хэмээх сайхан бэлэг өгсөн Еховадаа үргэлж талархаарай.

[Зураг]

«Таны үг бол миний хөл дэх дэнлүү, Миний зам дахь гэрэл юм» (Дуулал 119:105).

[Хавсралт]

Чухал юмаа эхлээд

Залбирах ч завгүй байна уу? Библиэ уншиж судлах цаг гарахгүй байна уу? Энэ чинь ихэвчлэн чухал юмаа хэрхэн тодорхойлсноос л шалтгаална шүү дээ.

Үүнийг туршаад үзээрэй. Нэг хувин аваад том том чулуу дотор нь хийгээрэй. Дээрээс нь элс хийж тултал нь дүүргээрэй. Хар даа! Хувин дотор чинь чулуу ч байна, элс ч байна.

За, одоо хувингаа хоослоод элс чулуугаа дахиад хийе. Гэхдээ энэ удаа өөр дарааллаар хийнэ. Хувин дотроо элсээ эхэлж хийгээд дараа нь том том чулуунуудаа хийх гээд үз дээ. Багтахгүй байгаа биз? Хувиндаа эхлээд элсээ хийсэн учраас тэгж байгаа юм.

Юу хэлэх гээд байна вэ? Библид «илүү чухал юмыг магадлаарай» гэж байдаг (Филиппой 1:10). Эхлээд жижиг сажиг зүйлийг хийх буюу тоглож наадахаа урьтал болгоод байвал том зүйл болох Бурханд үйлчлэхтэй холбоотой чухал юмыг хийх цаг гарахгүй байх нь аргагүй шүү дээ. Библийн энэ зөвлөгөөг хэрэгжүүлбэл Бурханд үйлчлэх цаг ч гарна, тоглож наадах цаг ч хангалттай гарна. Хувиндаа эхлээд юу хийхээс чинь бүх юм шалтгаална.

[Зураг]

Тасалгааны ургамалд арчилгаа шаардлагатай байдаг шиг Бурхантай найз болъё гэвэл хичээл зүтгэл хэрэгтэй