Skip to content

Би чөлөөт цагаараа хурлынхаа хүүхдүүдтэй хамт тоглох дуртай

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

Би бейсболд юунаас ч илүү дуртай байсан

Би бейсболд юунаас ч илүү дуртай байсан
  • ТӨРСӨН ОН: 1928

  • УЛС: КОСТА-РИКА

  • ӨМНӨ НЬ: МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИН, МӨРИЙТЭЙ ТОГЛООМЧИН

ӨМНӨХ АМЬДРАЛ

Би Коста-Рика улсын зүүн эргийн Пуэрто Лимон хэмээх боомт хотод төрж, тэр хотынхоо ойр орчимд өсөж том болсон. Найман хүүхэдтэй айлын долоо дахь нь. Намайг найман настай байхад аав минь нас барж, ээж минь ганцаараа бид нарыг өсгөсөн юм.

Бейсбол миний амьдралын салшгүй хэсэг байлаа. Би хүүхэд байхаасаа л бейсболд дурлаж, өсвөр насандаа сонирхогчдын лигт орж билээ. Намайг 20-оод настай байхад нэг скаут Никарагуагийн мэргэжлийн багт тоглох санал тавив. Тэр үед би өвчтэй ээжийгээ асарч байсан болохоор саналаас нь татгалзсан. Харин хэсэг хугацааны дараа өөр нэг скаут надаас сонирхогчдын лигийн шилдгүүдээс бүрдсэн Коста Рикагийн үндэсний шигшээ багт орох уу гэж асуулаа. Энэ удаа би зөвшөөрөв. 1949–1952 онд шигшээ багийн гишүүн байхдаа Куба, Мексик, Никарагуад болсон цуврал тоглолтод оролцсон. Би сайн тоглодог бейсмэн байлаа. 17 тоглолтод нэг ч удаа алдаа гаргаагүй. Үзэгчид нэрийг минь дуудаж хашхирах ямар сайхан байсан гээч!

Би ёс журамгүй амьдардаг байснаа нуухгүй ээ. Найз охинтой мөртлөө өөр олон эмэгтэйтэй нэр холбогддог байлаа. Бас архи их ууна. Нэг удаа бүр тасартлаа уугаад, гэртээ яаж ирснээ ч санадаггүй юм. Бас мөрийтэй тоглоомд дуртай байсан. Даалуугаар мөрийтэй тоглоно, лоттерейд их оролцдог байлаа.

Яг энэ үеэр ээж маань Еховагийн Гэрч болов. Тэгээд надад үнэний талаар ярьж, сонирхлыг минь төрүүлэхийг оролддог ч эхэндээ бүтэлтэй болоогүй юм. Би спортоос өөр юм бодох сөхөөгүй байсан болохоор тэр л дээ. Хоолны үеэр бэлтгэл хийж байлаа гэхэд өлссөнөө ч мэддэггүй байсан гээд бод доо! Би бейсболд юунаас ч илүү дуртай байсан!

Харамсалтай нь 29 настай байхдаа тоглолтын үеэр бөмбөг барих гэж байгаад хүнд гэмтэв. Тэгээд эдгэсэн ч гэсэн мэргэжлийн багаасаа гарсан. Гэхдээ бейсболоо бүр орхиогүй. Гэрийнхээ ойролцоо сонирхогчдын багийг дасгалжуулдаг болсон.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН

Би 1957 онд Еховагийн Гэрчүүдийн чуулганы урилгыг хүлээж аваад өмнө нь бейсбол тоглодог байсан стадионд явж очлоо. Үзэгчдийн дунд сууж байхдаа Еховагийн Гэрчүүд болон бейсболын тэмцээн үздэг хүмүүс хоорондоо ямар их ялгаатай байдгийг анзаарсан. Еховагийн Гэрчүүд биеэ зөв авч явж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж байхад бейсболын тэмцээний хөгжөөн дэмжигчид маш бүдүүлэг, зохисгүй авирладаг. Энэ ялгааг олж хараад Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгаж, цуглаанд явахаар шийдсэн.

Библиэс мэдэж авсан олон зүйл миний сэтгэлийг хөдөлгөсөн. Жишээлбэл, эцсийн өдрүүдэд Есүсийн дагалдагчид Хаант төрийн тухай сайн мэдээг дэлхий даяар тунхаглана гэсэн зөгнөл байдгийг мэдсэн (Матай 24:14). Бас Христийн жинхэнэ дагалдагчид дэлгэрүүлснийхээ төлөө үнэ хөлс авдаггүй юм билээ. Яагаад гэвэл Есүс: «Үнэгүй авснаа үнэгүй өг» гэсэн байдаг (Матай 10:8).

Библи судалж байхдаа Библид бичигдсэн зүйлийг Еховагийн Гэрчүүд хэрэгжүүлж байна уу, үгүй юү гэдгийг харьцуулж үзлээ. Дэлхий даяар Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд идэвх зүтгэлтэй оролцдогийг нь хараад их биширсэн. Бас Есүсийн тушаасны дагуу өгөөмөр сэтгэл гаргадгийг нь анзаарсан. Тийм болохоор «Ирж миний дагалдагч бол» гэсэн Есүсийн урилгыг Марк 10:21-ээс уншаад Еховагийн Гэрч болох хүсэл төрж билээ.

Гэхдээ шийдэмгий алхам хийхэд надад хугацаа хэрэгтэй байв. Жишээ нь 7 хоног болгон үндэсний лоттерей тоглохдоо «азын» тоогоо бичдэг байлаа. Харин Библи судалж байхдаа, Бурхан азанд итгэдэг, шунахай хүмүүсийг буруушаадгийг ойлгосон (Исаиа 65:11; Колосай 3:5). Тэгээд мөрийтэй тоглохоо болихоор шийдэв. Гэтэл тоглохоо больсны дараах эхний бүтэн сайн өдөр миний «азын» тоо таардаг байгаа! Намайг тэр өдөр тоглоогүй болохоор олон хүн доог тохуу хийж, хожих боломжоо алдахгүйн тулд дахиад тогло гэж шахсан. Гэхдээ би дахиж хэзээ ч мөрийтэй тоглоом тоглоогүй.

Би Еховагийн Гэрчүүдийн чуулган дээр баптисм хүртсэн тэр өдрөө бас нэг сорилттой тулгарав. «Шинэ хүнийг өмссөн» үү, үгүй юү гэдгийн маань шалгуур болсон юм (Эфэс 4:24). Орой нь зочид буудалдаа очтол хуучин найз охин маань өрөөний үүдэнд намайг хүлээгээд зогсож байлаа. Тэгээд «Сэмми, өнөө орой хоёулхнаа хамт байж цагийг сайхан өнгөрөөе» гэв. Би шууд л «Үгүй!» гээд, Библийн дагуу амьдарч байгаагаа хэлсэн (1 Коринт 6:18). Тэгсэн чинь нөгөөх маань: «Юу гэнэ ээ!» гэж гайхан дуу алдав. Гэлээ ч бэлгийн харьцааны талаарх Бурхны үзэл бодлыг тоосонгүй. Буцаад нийлье гэж ятгаж гарав. Би шууд л өрөөндөө ороод хаалгаа хаачихсан. Би 1958 онд Гэрч болсноосоо хойш Библийн ёс суртахууны хэм хэмжээг чанд баримталж ирсэн гэж ам бардам хэлнэ.

ОДОО

Библийн зөвлөгөөг дагаад ямар ач тус хүртсэнээ бичвэл бараг бүтэн ном болно доо! Тэдгээр ач тусын заримаас дурдвал, олон сайхан үнэнч найзтай болсон. Бас жинхэнэ утга учиртай, аз жаргалтай амьдарч байна.

Би одоо ч бейсболд дуртай. Гэхдээ амьдралын минь хамгийн чухал зүйл байхаа больсон. Бейсбол тоглоод алдар нэр, эд хөрөнгөтэй болсон ч тэр нь зуурдынх байсан. Харин Еховатай тогтоосон харилцаа, ах дүүгийн барилдлага бол үүрдийнх. Библид «Ертөнц болон түүний хүсэл үгүй болно. Харин Бурхны хүсэлд нийцүүлдэг хүн мөнх амьдарна» гэж байдаг (1 Ёохан 2:17). Одоо бол би Ехова Бурхан болон ард түмнийг нь юунаас ч илүү хайрладаг болсон!