Амьдралд сөхрөх ёсгүйн учир
ӨМНӨХ өгүүллүүдээр амьдралд юу эс тохиолддогийг ярилцсан. Хүн бүр л зовлонд нухлуулдаг учраас амьд явахын хэрэг байна уу, намайг гэх нэгэн байхгүй гэж боддог. Танд санаа тавьж, таныг гэх нэгэн бол Бурхан шүү. Бурхны хувьд та эрхэм чухал хүн.
86-р дууллыг бичсэн хүн Бурханд найддагаа илэрхийлж «Өөрийн зовлонгийн өдөр би Таныг дуудна. Учир нь Та надад хариулна» гэж хэлжээ (Дуулал 86:7). «Миний зовлонгийн өдөр Бурхан надад яаж хариулах бол?» гэж та бодох байх.
Бурхан зовлонг тэр дор нь арилгахгүй ч сэтгэлийг тань амар тайван байлгана гэж амладаг. «Юунд ч бүү санаа зов. Харин хэзээ ямагт Бурханд залбир, Бурхнаас шаргуу гуй, Бурханд таларх, хүсэлтээ хэлж бай. Тэгвэл Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг ... та нарт өгч, зүрх сэтгэл, ухаан бодлыг тань хамгаална» (Филиппой 4:6, 7). Бурхан танд санаа тавьдгийг батлах Библийн зүйлүүдийг авч үзье.
Бурхан танд санаа тавьдаг
«Нэгийг нь ч [бор шувууг] Бурхан мартдаггүй. ... Та нар олон бор шувуунаас ч илүү үнэ цэнтэй» (Лук 12:6, 7, зүүлт).
БОДООД ҮЗ ДЭЭ: Бор шувууг хүн анзаардаггүй ч Бурхан тэдэнд санаа тавьдаг. Бүх амьд амьтан түүнд үнэ цэнтэй. Хүн Бурхны хувьд бор шувуунаас хавьгүй эрхэм байхгүй гэж үү? Хүн бол Бурхны сор бүтээл. Бурхан хүнийг л «дүр төрхөөрөө», сайхан чанаруудыг нь илэрхийлэх чадвартай бүтээсэн (Эхлэл 1:26, 27).
«Өө, ЭЗЭН, Та намайг судлан, намайг мэдсэн билээ. ... Миний санаа бодлуудыг ойлгодог. ... Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч» (Дуулал 139:1, 2, 23).
БОДООД ҮЗ ДЭЭ: Бурхан таныг хамгийн сайн мэддэг. Бусдад хэлж чадамгүй сэтгэл мэдрэмж, бодол санааг тань сайн ойлгодог. Танд ямар хэцүү байгааг хүн ойлгохгүй байж болох юм. Харин Бурхан танд санаа тавьж, түшиг тулгуур болохыг хүсдэг. Бурхан байгаа цагт та алзахгүй.
Амьдрал утга учиртай
«Өө, ЭЗЭН, миний залбирлыг сонсооч! Миний тусламж гуйсан хашхиралт Танд хүрэг. ... Над уруу чихээ хандуулаач. Миний дуудах өдөр надад хурдан хариулаач. Тэрээр үгээгүйчүүдийн залбирлыг хүлээн авдаг» (Дуулал 102:1, 2, 17).
БОДООД ҮЗ ДЭЭ: Зовж шаналаад нулимс унагах болгонд Ехова хардаг (Дуулал 56:8). Таны нулимс унагасан мөч бүрийг Бурхан санаж байдаг. Учир нь та түүнд эрхэм билээ.
«Бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. ... Би бол чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд “Бүү ай. Би чамд тусална” гэж айлдаж байна» (Исаиа 41:10, 13).
БОДООД ҮЗ ДЭЭ: Бурхан танд хэзээд тусална. Таныг бүдэрч унахад түшээд авах нэгэн бол Бурхан.
Сайхан цаг ирнэ гэдэгт итгээрэй
«Бурхан хүн төрөлхтнийг үнэхээр их хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн. Энэ нь Хүүд итгэдэг хүн бүрийг бүү мөхөөсэй, харин мөнх амьдраасай гэснийх юм» (Ёохан 3:16).
БОДООД ҮЗ ДЭЭ: Та Бурхны хувьд үнэхээр эрхэм учраас тэрээр Хүүгээ таны төлөө золиос болгож өгсөн. Үүний ачаар үүрд мөнх, аз жаргалтай, утга учиртай амьдрах үүд хаалга нээгдсэн. a
Амьдралд бууж өгмөөр санагдаж болох юм. Гэхдээ Бурхны Үгийг нямбай судалж, амлалтад нь итгээрэй. Тэгвэл амьдралд сөхрөхгүй, итгэл найдвар дүүрэн, жаргалтай болно.
a Есүсийн золиос ямар ач тустайг мэдэхийг хүсвэл www.pr2711.com/mn саитад орж «Есүсийн нас барсныг дурсах нь» видеог үзээрэй. ХЭВЛЭЛ > ВИДЕО > ЦУГЛААН, ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖИЛ гэж ороорой.