Дотнын хүн өвдөхөд
«Аавыгаа эмнэлгээс гарахын алдад бид эмчээс цусны шинжилгээг нь дахиад нэг хараад өгөөч гэж гуйлаа. Хариу нь зүгээр гарсан гэж эмч хэлсэн ч сайхан сэтгэлээр дахин үзэж өгсөн. Хоёр үзүүлэлт нь байх ёстой хэмжээнээсээ хэтэрснийг хараад эмч гайхсан. Тэгээд эмч биднээс уучлалт хүсээд холбогдох эмч нарыг дуудсан юм. Аав минь одоо сайн байгаа. Тухайн үед бид эмчээс лавлаж асуусандаа баярладаг юм»—Марибел.
Эмчид үзүүлэх юм уу эмнэлэгт хэвтэхэд хүн маш их стресст ордог. Ийм үед гэр бүл, найз нөхөд нь туслах хэрэгтэйг, бүр амийг нь аварч болдгийг Марибелийн жишээ харуулж байна. Тэгвэл дотнын хүндээ хэрхэн тусалж болох вэ?
Эмчид очихоос өмнө. Ямар шинж тэмдэг илэрсэн, ямар эм бэлдмэл хэрэглэдгийг нь асууж, тэмдэглэж аваарай. Бас эмчээс асуух юмыг нь жагсааж бичээрэй. Өвчнийх нь байдал болон гэрийнхнээс нь хэн нэгэн энэ өвчнөөр өвдөж байсан эсэхийг асууж тодруулаарай. Эмч бүгдийг нь мэдэж байгаа, энэ талаар нарийвчилж асууна гэж битгий бодоорой.
Эмчтэй уулзахдаа. Өвчтөн та хоёр эмчийн ярьж байгааг үнэхээр ойлгож байна уу? Яаран дүгнэлт хийлгүй сайн асууж лавлаарай. Өвчтөнд асуулт асууж ярих боломж олгоорой. Яриаг нь анхааралтай сонсож, бичиж тэмдэглэж аваарай. Эмчилгээний ямар ямар арга хэлбэр байгааг асуугаарай. Өөр эмчид хандаад үзэхийг зөвлөж ч бас болох юм.
Эмчид үзүүлсний дараа. Эмчтэй юу ярьснаа хамт нягталж хараарай. Зөв эм авсан эсэхийг нь магадлаарай. Эмээ зааврын дагуу уухыг зөвлөж, ямар нэгэн сөрөг нөлөө гарвал эмчид яаралтай мэдэгдээрэй. Өвчтөнийг өөдрөг байлгаж, эмчийн бусад зөвлөгөөг дагаж мөрдөхийг сануулаарай. Жишээ нь дараагийн шатанд ямар арга хэмжээ авахыг нь сануулж болох юм. Өвчнийхөө талаар сайн мэдэж авахыг зөвлөөрэй.
Эмнэлэгт хэвтэх үед
Тайван бөгөөд ажигч гярхай байгаарай. Эмнэлэгт хэвтэхэд өвчтөн яахаа мэдэхгүй сандарч тэвддэг. Тайван, ажигч гярхай байвал та бусдыг тайван байлгаад зогсохгүй буруу шийдвэр гаргахгүй байхад нь тусална. Хүлээн авахын маягтыг зөв бөглөсөн эсэхийг магадлаарай. Өвчтөн эмчилгээнийхээ талаар хангалттай мэдээлэл аваад шийдвэр гаргах эрхтэй гэдгийг хүндэтгэж үзээрэй. Хэрэв өвчтөн шийдвэр гаргах чадваргүй бол урьд нь бичсэн хүсэлтийг нь мөн хамгийн ойрын төрөл садан эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийнх нь эрхийг хүндэтгэж үзээрэй. a
Санаачилгатай байгаарай. Санал бодлоо илэрхийлэхдээ бүү нэрэлхээрэй. Зөв зохистой хувцасласан, эелдэг боловсон харьцдаг бол эмч нар таны ойр дотнын хүнд илүү анхаарал тавьж, улмаар эмчилгээний чанар ч сайжирч болох юм. Ихэнх эмнэлэгт өвчтөнийг олон эмч үздэг. Тиймээс нэг эмчийн хэлснийг нөгөөд нь хэлээрэй. Өвчтөнийг сайн мэддэг хүний хувьд бие сэтгэлд нь ямар нэг өөрчлөлт гарвал эмч нарт нь хэлээрэй.
Хүндэтгэж талархаж байгаагаа илэрхийлээрэй. Эмнэлгийн ажилтнууд хүнд нөхцөлд ажилладаг. Өөрт тань яаж хандаасай гэж хүснэ, тэдэнд бас тэгж хандаарай (Матай 7:12). Мэдлэг туршлагыг нь хүндэтгэж байгаагаа харуулж, эмчийнх нь чадварт итгэж явдгаа хэлж, ажилдаа хичээнгүй байдагт нь талархаарай. Тэгдэг бол эмч нар урамшиж чадах бүхнээ хийнэ.
Өвчин зовлон хэнд ч тохиолддог. Урьдаас бэлтгэлтэй байж, бодит дэмжлэг үзүүлбэл найз нөхөд, гэр бүлийнхнийхээ хэцүү үеийг хамтдаа алзахгүй давна (Сургаалт үгс 17:17).
a Өвчтөний эрх, үүргийн талаарх хууль дүрэм орон оронд өөр өөр байдаг. Ямар эмчилгээ хийлгэх талаар өвчтөний бичсэн хүсэлт бүрэн бүтэн, одоогийн хүсэлтэй нь нийцэж байгаа эсэхийг магадлаарай.