ОНЦЛОХ СЭДЭВ | АВЛИГАГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР
Авлига авдаг засгийн газрын хор уршиг
Хувийн эрх ашгийн төлөө эрх мэдлээ урвуулан ашиглахыг авлига гэж тодорхойлдог. Авлига нь саяхан бий болсон юм биш ээ. Жишээлбэл, Библид хахууль авахыг хориглосон хууль байдаг нь 3 500 жилийн өмнө ийм явдал гарч байсныг баталдаг (Египетээс гарсан нь 23:8). Авлигыг хахууль авах төдийхнөөр тодорхойлж болохгүй. Төрийн албан хаагч заримдаа нийтийн юмыг хувьдаа ашигладаг, авах эрхгүй үйлчилгээ авдаг, хөрөнгө завшдаг. Бас гэр бүл, найз нөхдийнхөө эрх ашгийн төлөө албан тушаалаа ашигладаг.
Ямар ч байгууллагад авлига байдаг. Харин төрийн байгууллагууд авлигад бүр автсан байдаг. Хамгийн их авлига авдаг таван байгууллага бол улс төрийн намууд, хууль хяналт, шүүх, цагдаагийн байгууллага, төрийн албан хаагчид гэж хүмүүс нэрлэсэн байна. Үүнийг Трансперенси Интернейшнлийн (Transparency International) 2013 онд явуулсан «Дэлхий дахины авлигын судалгаа» («Global Corruption Barometer») харуулдаг. Эдгээрээс заримыг нь дурдъя.
-
АФРИК: 2013 онд Өмнөд Африкт 22 000 төрийн албан хаагч авлигын хэрэгт холбогджээ.
-
ӨМНӨД АМЕРИК: 2012 онд Бразилд 25 хүн сонгогчдоос санал авахын тулд улсын хөрөнгө завшжээ. Энэ хэрэгт тус улсад эрх мэдлээрээ хоёрдугаарт ордог, өндөр албан тушаалтан холбогдсон байна.
-
АЗИ: Өмнөд Солонгос улсын Сөул хотод 1995 онд их дэлгүүрийн барилга нурж, 502 хүн нас баржээ. Шалгалтын дүнд, барилгын компани хотын захиргаанд хахууль өгч, аюулгүй байдлын дүрэм зөрчиж, чанаргүй бетоноор барьсан нь тогтоогдсон.
-
ЕВРОП: «Бидэнд тулгараад байгаа энэ ноцтой асуудал [Европ дахь авлига] үнэхээр гайхаш төрүүлдэг. Авлигыг үндсээр нь үгүй хийе гэсэн хүсэл эрмэлзэл алга юм шиг байна» гэж Европын комиссын дотоод асуудал эрхэлсэн комиссар Сэсиля Малмстром хэлжээ.
Засгийн газар дахь авлигатай тэмцэхэд их хэцүү. Авлигатай тэмцэх аргыг судалдаг Профессор Сюзан Роуз-Акерман «засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагааг үндсээр нь өөрчлөхийн тулд» шинэчлэл хэрэгтэй гэж бичжээ. Байдлыг харахад өөрчлөгдөх найдваргүй юм шиг санагдах биз ээ. Гэхдээ Библид төсөөлж байснаас маань илүү том өөрчлөлт гарна гэсэн байдаг.